Тээврийн прокурорын газар нь Төмөр замын цагдаагийн газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран төмөр замын салбарын алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны өдөрлөгийг 2026 оны 10 дугаар сарын 08-наас 14-ний өдрийн хугацаанд зохион байгуулав.
Тус өдөрлөгт төмөр замын Зүүнхараа, Дархан, Сэлэнгэ, Чойр, Замын-Үүд, Сайншанд зангилаанд ажиллаж буй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 600 гаруй алба хаагч хамрагдлаа.
Өдөрлөгт прокурорын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Хамгаалсан байгаль — Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний зорилго, ач холбогдлыг танилцуулж, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг мөрдөх, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар сургалт хийлээ.
Байгаль орчныг хамгаалах асуудлыг зөвхөн төрийн байгууллагын үүрэг бус, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн ухамсар, хариуцлагатай салшгүй холбоотой болохыг таниулж, төмөр замын салбарын ажилтан, алба хаагчид өдөр тутмын ажил, хөдөлмөрийн үйл ажиллагаандаа байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэх, хууль тогтоомжийг мөрдөх, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар