Тээврийн прокурорын газраас хяналтын харьяа Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас 2026 оны I улирлын байдлаар нийт 124 зөрчилд 17,6 сая төгрөгийн торгууль оногдуулсан зөрчлийн хэрэгт хяналт тавьсан.
Дээрх зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан байдлыг авч үзэхэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компанийн 78 жолоочид 4 сая 320 мянган төгрөг, 31 автобус компанид 13 сая 200 мянган төгрөгийн, харин 15 зорчигчид 150 мянган төгрөгийн торгуулийг тус тус оногдуулжээ.
Автобусны жолоочдын зонхилон гаргаж буй зөрчлүүдээс дурдвал бүхээгтээ тамхи татсан, хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярьсан, зорчигчдыг хэл амаар доромжилсон, огцом тоормосолсон, автобусны буудал дээр зогсоогүй, зорчигч аваагүй, хаалгаа хаалгүй хөдөлгөөн эхлүүлсэн, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангаагүй, хурд хэтрүүлсэн зэрэг зөрчлүүд байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компаниуд нь үйлчилгээний төлбөрийн бэлэн мөнгөний орлогыг хураах, төвлөрүүлэх, хуваарилах журам зөрчсөн, тухайн ангиллаар мэргэшээгүй жолооч ажиллуулсан, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл ажиллуулсан, “ЕС” замын хуудас авалгүй ачааны автомашиныг Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулсан, ID код аваагүй зэрэг зөрчил зонхилон үйлдэгджээ.
Харин иргэдийн хувьд нийтийн тээврээр зорчихдоо тасалбар худалдан аваагүй зөрчил гаргажээ.
Иймд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компанийн жолооч нар зорчигчидтой зөв боловсон харилцах, автобусны бүхээгт тамхи татахгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярихгүй байхыг анхаарч, иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ тасалбар худалдан авч үйлчлүүлж байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар