“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-ийг хянан шийдвэрлэхэд олон улсын сайн туршлагыг судалж, зам тээврийн осол, хэргийг бууруулах, нотлох баримтыг боловсруулах, бүрдүүлэхэд шинэ технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран зам тээврийн ослын үеэр хэргийн газрын үзлэг шалгалтыг хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан дэвшилтэт шийдлүүдээр гүйцэтгэх олон улсын сайн туршлага, технологийг  Монгол Улсад нэвтрүүлэх боломж, нөхцөлийг судлах зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын газрын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас дээрх чиглэлээр өөрийн орны туршлага, хэрэгжүүлж буй технологи, аргачлалын талаар дэлгэрэнгүй танилцуулж,  зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, шалгалтыг цахимжуулах, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр тус улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын газрын мэргэжилтнүүд прокурор, мөрдөгч нарт зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгт цахим систем, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч, онол, практик хосолсон сургалт хийсэн байна.